Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Х.Ганхуяг баруун болон хангайн бүс, түүнчлэн Сэлэнгэ аймгийг оролцуулан нийт найман орон нутагт албан томилолтоор ажиллалаа. Тэрбээр газар дээр нь өвөлжилтийн бодит нөхцөл байдалтай танилцаж, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн явцыг хянан, малчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн байна.
Орон нутгийн эмнэлэг, онцгой байдлын албаны бэлэн байдлыг хангахын тулд техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарчээ. Зудын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Улсын нөөцөөс дараах дэмжлэгүүдийг шуурхай үзүүлсэн байна:
- Эрүүл мэндийн болон онцгой байдлын нэгжүүдэд туулах чадвар сайтай автомашин олгосон.
- Цас ихээр орж зам даваа хаагдсан газруудад автогрейдер, ковш зэрэг техник хэрэгслийг хуваарилсан.
- Малчдад шаардлагатай тонн өвс, тэжээл болон шатахууны асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн.
Хэдийгээр улсын нутаг дэвсгэрийн тал хувьд зудын эрсдэл өндөр байсан ч төр засаг, орон нутаг, малчдын хамтын зүтгэлээр хүндрэлийг амжилттай сааруулж чаджээ. Одоогийн байдлаар агаарын хэм огцом хэлбэлзэж, хүчтэй салхи шуурга дэгдэх магадлал өндөр байгааг Шадар сайд анхааруулж байна. Иймд хаваржилтын үеийн болзошгүй аюулаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах тодорхой чиглэлүүдийг бүх шатны Онцгой комисст даалгалаа.