Олон улсын жишигт нийцсэн “Шинэсаран” түр хамгаалах байр үүд хаалгаа нээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Учрал

Гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрт суурилсан дарамтын хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Шинэсаран” түр хамгаалах байр өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо ашиглалтад орлоо. Хүний эрхийн олон улсын стандарт, тэр дундаа Израил Улсын түр хамгаалах байрны загварт тулгуурлан байгуулсан тус төв нь нэг дор 40 хүртэлх иргэнийг хүлээн авах хүчин чадалтай юм.

Уг байгууламж нь зөвхөн орон байраар хангах бус, хохирогчдод цогц дэмжлэг үзүүлэх дараах боломжуудыг бүрдүүлжээ:

  • Сэтгэл зүй, эрх зүй болон эрүүл мэндийн мэргэшсэн тусламж;
  • Хувь хүний хөгжлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа;
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаа;
  • Амьдрах ухааны дадлага олгох зөвлөгөө мэдээлэл.

Төвийн нээлтийн үеэр УИХ-ын дарга Н.Учрал оролцож, хүчирхийллийн эсрэг тэмцэх нь төр засгийн тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэв. Тэрээр энэхүү төвийг Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр “Шинэсаран” хэмээн нэрлэснийг онцолсон юм. Мөн хоёр жилийн турш гацаад байсан уг төслийг ХЗДХЯ болон ЦЕГ-тай хамтран богино хугацаанд шийдвэрлэж, ашиглалтад оруулснаар нийслэл хот гурав дахь түр хамгаалах байртай болж байгааг дурдлаа.

Шинэсаран

Энэхүү жишиг байгууламжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр босгожээ. Түүнчлэн Япон Улсын Элчин сайдын яам стандартын дагуу тохижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Цаашид түр хамгаалах байруудыг энэхүү стандартаар олон болгож, хүний эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлнэ гэдгээ УИХ-ын дарга илэрхийлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй