Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхи ширүүсэж, хуурайшилт их байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. Нийт нутгаар үүлшинэ гэж байгаа ч шөнөдөө хур тунадас орохгүй бөгөөд зөвхөн өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсээр ялимгүй тунадас орох төлөвтэй. Бусад нутаг дэвсгэрт цаг агаар тогтуун байх бөгөөд тал хээрийн бүсээр салхи секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөв гарчээ.
Нийслэл хотод өнөөдөр багавтар үүлтэй, хур тунадас орохгүй тогтуун сайхан өдөр болох нь. Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрэх бөгөөд агаарын температур өдөртөө 16-18 градус дулаан байх төлөвтэй байна. Амралтын өдрүүдэд ч Улаанбаатарт хур тунадас орохгүй тул иргэд аялал зугаалгаар явахад тохиромжтой.
Ирэх өдрүүдэд зарим бүс нутгаар хур тунадас орох хуваарийг доорх байдлаар гаргасан байна. Үүнд:
- 4 дүгээр сарын 25: Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
- 4 дүгээр сарын 26: Монгол Алтай, Хэнтийн уулс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар тунадастай.
- 4 дүгээр сарын 27: Нутгийн баруун өмнөд болон зүүн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй.
- 4 дүгээр сарын 28: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас үргэлжлэн орно.
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байх бөгөөд говь, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Температурын хувьд шөнөдөө Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн байна. Харин говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус дулаан байх бол өдөртөө говийн баруун өмнөдөөр 22-27 градус хүртэл дулаарах нь. Бусад нутгаар өдөртөө 17-22 градус дулаан байх ерөнхий төлөв гарчээ.