Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой хэд хэдэн томоохон шийдвэрүүдийг баталлаа. Энэхүү хуралдааны гол шийдвэр нь боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, бүх төрлийн нэмэгдэл хөлсийг шинэчлэгдсэн суурь цалингаас тооцон олгохоор тогтсон явдал байв.
Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ болон түүнийг тооцох шинэчилсэн журмыг баталсан байна. Энэхүү тогтоолын дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүжилтийг шинэ журмаар тооцож олгохыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Мөн “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг албан ёсоор зогсоож байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм. Иргэд болон эрдэмтэн судлаачдын зүгээс байгаль орчны хамгаалал, эдийн засгийн үр ашгийн талаар тавьсан үндэслэлүүдийг Засгийн газар хүндэтгэн үзэж, хууль хяналтын байгууллагын шалгалт дуустал уг төслийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдал дотоодын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэл хийв. Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ олон улсад хэлбэлзэж байгаа нь манай улсын тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын өртөгт шууд дарамт учруулж болзошгүйг онцоллоо.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний хүрээнд:
- Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох төслийг УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив.
- Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын тэргүүнд нийлүүлэлтийн асуудлаар албан захидал хүргүүллээ.
- АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ болон Казахстанд ажиллаж, шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах хэлэлцээр хийж байна.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өгөхдөө: “Засгийн газар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлсэн. Мөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тус улсад гэрээ хэлэлцээр хийж ажилласан. Одоо Казахстанд ажиллаж буй. Салбарын сайд шатахууны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг боломжит хэмжээнд барих зорилготой уулзалт, яриа хэлэлцээр хийж буй” хэмээн онцлон тэмдэглэв.
Түүнчлэн төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах хүрээнд тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас ашиглах журамд өөрчлөлт орууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы мэдээлснээр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг цахимжуулснаар иргэдийн ачаалал 55 хувиар буурах ач холбогдолтой юм байна.