Монгол Улсын Засгийн газраас 2025 онд хэрэгжүүлсэн хөгжлийн төлөвлөгөө болон 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хуулийн хугацаанд нь парламентын удирдлагад танилцууллаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын дарга Н.Учралд дээрх тайлангуудыг албан ёсоор өргөн мэдүүлэв.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 томоохон зорилттойгоор батлагдсан билээ. Уг хөтөлбөрийг ажил хэрэг болгох төлөвлөгөө нь бодлогын үндсэн дөрвөн хүрээнд 1396 арга хэмжээг тусгасан бөгөөд хяналт-шинжилгээг Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Хяналт-шинжилгээ хийх журам”-ын дагуу гүйцэтгэсэн байна.
Хяналт-шинжилгээний дүнгээр бодлогын голлох үр дүнгүүд дараах үзүүлэлттэй гарчээ:
- Бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны түвшинтэй харьцуулбал өссөн дүнгээр 30.7 хувь;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь;
- Үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын биелэлт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь;
- Арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.
Мөн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэхэд нийт төсөл, арга хэмжээний хэрэгжилт дунджаар 61.0 хувьтай гарсан байна. Үүнээс тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувь, харин хөтөлбөрийн үр дүн 57.1 хувьтай байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд УИХ-ын даргад дэлгэрэнгүй танилцуулсан тухай Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.