Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Хонг Конг руу зорчиж буй иргэдэд онгоцны бүхээгт хулгай гарч болзошгүйг онцгойлон анхааруулдаг болоод байна. Энэ талаар нэгэн зорчигч цахим орчинд мэдээлэл хуваалцсан бөгөөд нислэг эхлэх үед “Сүүлийн үед энэ чиглэлд хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул эд зүйлсдээ анхааралтай хандаж, хэн нэгэн бусдын ачаа тээшинд хүрч байвал нисэх багийнханд нэн даруй мэдэгдэх”-ийг хүсэх болжээ.
МИАТ компаниас өгсөн тодруулга
Уг асуудлын талаар МИАТ ХК-аас албан ёсоор тодруулахад хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Гэсэн хэдий ч өмнө нь тус чиглэлийн онгоцонд хулгайн тохиолдол гарч, үүнээс үүдэн зорчигчдыг хяналтын цэг дээр саатуулан шалгах нөхцөл байдал үүсэж байсныг баталлаа.
Байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал болон эд хөрөнгийг хамгаалах үүднээс ийнхүү сэрэмжлүүлэг өгөөд багагүй хугацаа өнгөрч байгаа ажээ.
Сүүлд гарсан зөрчил
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт Хонг Конг руу ниссэн онгоцонд хулгайн хэрэг дахин бүртгэгдсэн байна. Үүний улмаас онгоц газардсаны дараа хууль хяналтын байгууллагынхан бүх зорчигчийг саатуулж, нэг бүрчлэн шалгалт явуулжээ.
Агаарын хөлгийн бүхээгт зорчигчдын гар тээш болон хувийн эд зүйл рүү бусдын гар хүрэх, сэжиг бүхий хөдөлгөөн хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.