Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын аюулыг олон нийтэд бодитоор ойлгуулах зорилготой “NO DRUG – Ганц удаа гэж үгүй” нэртэй VOO Original Series 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Тус бүтээл Mobihome өрхийн үйлчилгээ болон VOO онлайн платформоор долоо хоног бүрийн Пүрэв гарагт шинэ ангиа хүргэхээр төлөвлөгджээ.
Цувралыг А-Artist Pictures студийн захирал, “Ану Хатан”, “Хөх Тавилан” кинонуудын найруулагч Т.Алтантуяа Хар Тамхитай Тэмцэх алба болон VOO платформтой хамтран бүтээсэн байна. Бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг уран сайхны өгүүлэмжээр дамжуулан харуулахыг зорьсон уг бүтээл нь залуусын дунд түгээмэл байдаг “ганц удаа туршиж үзэхэд яах вэ” гэх ташаа ойлголтыг залруулахад чиглэжээ.
Сүүлийн 9 жилийн хугацаанд Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой 2,100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2,422 хүн холбогдсоноос 64 сурагч, 216 оюутан байгаа нь асуудал ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна. Нийт хэргийн 83 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 56 хувь нь 13–25 насныхан байна.
Мэргэжлийн байгууллагын тооцооллоор Монгол Улсад 60,000 орчим бодит хэрэглэгч байх эрсдэлтэй бөгөөд илэрсэн нэг хэрэглэгчийн цаана 4–6 далд хэрэглэгч байх магадлалтай гэж үздэг. Энэ нь мансууруулах бодисын асуудал нийгмийн тодорхой хүрээлэлд хязгаарлагдахгүй, айл өрх бүрийн хувьд бодит эрсдэл болж байгааг илтгэнэ.
Судалгаагаар анхны хэрэглээ ихэвчлэн дараах хүчин зүйлсээс эхэлдэг гэж үздэг.
- Сониуч зан
- Үе тэнгийн дарамт
- Найз нөхдийн нөлөө
- “Ганц удаа бол яах ч үгүй” гэх буруу ойлголт
Гэвч шинжлэх ухааны судалгаагаар ганц удаагийн хэрэглээ ч тархины үйл ажиллагаанд нөлөөлж, дахин хэрэглэх хүсэл болон сэтгэлзүйн хамаарал үүсгэх эрсдэлтэйг тогтоосон байна. Ялангуяа өсвөр насанд тархи бүрэн хөгжөөгүй байдаг тул сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө илүү хурдан, гүнзгий илэрч, ой тогтоолт, шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдалд урт хугацааны өөрчлөлт үүсэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Бодит хэргүүдээс сэдэвлэсэн уг цувралд донтолт нь зөвхөн нэг хүний асуудал бус, ард нь үлдэх гэр бүл, ойр дотнын хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулахыг зорьжээ. Нэг буруу алхам амьдралыг бүхэлд нь өөрчилж болох ч нэг зөв сонголт ирээдүйг хамгаалж чадна гэсэн санааг бүтээлээр дамжуулан өгүүлэх юм.
Тус бүтээл нь эцэг эх, асран хамгаалагчдад хандсан сэрэмжлүүлэг, уриалга болохыг уран бүтээлчид онцолж байна. Хүүхдийн зан төлөв огцом өөрчлөгдөх, хичээлийн амжилт буурах, тусгаарлагдах, сэтгэл санааны тогтворгүй байдал илрэх зэрэг шинж тэмдгийг анзаарах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах нь чухал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Цувралын гол дүрүүдэд:
- С.Ариунбямба (МУГЖ)
- Н.Баярмаа (МУСТА)
- Ц.Төмөрбаатар (Ардын жүжигчин, Төрийн соёрхолт МУГЖ)
- Ц.Төмөрхуяг (МУГЖ)
нар тогложээ. Үзэгчид уг бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 12-ноос эхлэн Mobihome болон VOO платформоор долоо хоног бүрийн Пүрэв гарагт үзэх боломжтой.