Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр зорчиж, амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг сануулж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ

Монгол Улсын Шадар сайдын 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 27 дугаар тушаалаар баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Хаврын дулаарал эхэлж, мөсний нягт багассантай холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү хяналт шалгалтыг чангатгаж байгаа юм.

Мөсөн замын тээврийг хориглох тухай хэд хэдэн албан ёсны шийдвэрүүд хэдийнэ гараад байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 12-ны А/31 дүгээр захирамж болон Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн нэгдүгээр сарын 13-ны А/08 дугаар тушаалаар нуурын мөсөн дээгүүр зорчихыг хатуу хоригложээ. Мөн Ханх сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/64 дүгээр шийдвэрээр мөсөн замын тээврийг зогсоосон байна.

Гэвч тогтоосон хоригийг үл тоомсорлон мөсөн дээгүүр зорчсоноос болж иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл нэмэгдсээр байна. 2026 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар Хөвсгөл аймагт мөс цөмөрсөн найман удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэдийн хүлээх үүргийг дараах байдлаар заасан байдаг:

  • 37.2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх.
  • 37.2.3. Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах.
  • 37.2.7. эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх.

Энэ он гарсаар захирамж зөрчиж, аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдэлтэй гурван удаагийн осол гарсан бөгөөд хяналтын байцаагчийн зүгээс зөрчлийн хэрэг үүсгэжээ. Ингэснээр аврах ажиллагааны явцад төрийн байгууллага болон дайчлагдсан иргэдээс гарсан бүх зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж байна.

Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.4-т зааснаар иргэнийг 100 нэгжээр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай. Мөн тус хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол зохих хариуцлага хүлээлгэнэ. Иймд иргэд, тээвэрчид мөсөн дээгүүр зорчихгүй байх, байгууллагууд мөсний баяр зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй