Цагдаагийн байгууллагаас 2025 оны аравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэж байсан үйлдлийг илрүүлсэн байна. Иргэн Л.Б нь тээврийн хэрэгсэл ашиглан шинэс төрлийн 16 ширхэг, нийт 1.291 шоо метр модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь тогтоогджээ.
Уг үйлдлийн улмаас байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Хэргийг шүүхээр хэлэлцэхэд иргэн Л.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр буруутай гэж үзжээ. Улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх түүнд нэг жилийн хугацаагаар тэнсэх ял оноож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.