Олон улсын шатрын холбоо (FIDE) шатрын спорт дахь жендерийн тэгш байдлыг хэмжих шинэчилсэн индексийг танилцууллаа. Энэхүү үзүүлэлт нь улс орнуудын шатарчдын оролцоо, амжилт, хөгжлийн ахцыг нэгтгэн үнэлдгээрээ онцлогтой юм.
Тус индексийг 0-100 хүртэлх онооны системээр тооцдог бөгөөд энэ удаагийн буюу хоёр дахь үнэлгээг Дэлхийн шатрын холбооны гишүүн 119 улсын 2023 оноос хойших мэдээлэлд тулгуурлан гаргажээ. Үр дүнд нь Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлийн үзүүлэлтээр 89.26 оноо авч, дэлхийд тэргүүлсэн байна.
Жагсаалтад дараах улс орнууд дээгүүр байрт бичигдсэн байна.
- Монгол Улс – 89.26
- Шри Ланка – 86.99
- Уганда – 84.62
- Арабын Нэгдсэн Эмират – 82.97
- Малайз – 79.31
- Кени – 78.80
Энэхүү үзүүлэлт нь эмэгтэй шатарчдын оролцоог нэмэгдүүлэх, спорт дахь жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр улс орнуудын гаргасан ахиц дэвшлийг харуулж буй юм. Монгол Улс энэ удаад тэргүүлсэн нь шатрын спорт дахь эмэгтэй тамирчдын идэвх, амжилт олон улсын түвшинд өндөр үнэлэгдэж байгааг илтгэж байна.
