Ө.Батбаяр: АНУ-тай визний хязгаарлалтыг хэлэлцэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ө.Батбаяр

АНУ-ын засаг захиргаанаас 75 улсын цагаачлалын визийг түр зогсоох, хязгаарлах шийдвэр гаргасанд Монгол Улс багтсан нь визийн нөхцөл, хяналтыг чангатгах шалтгаан болжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ дахь Монгол Улсын Элчин сайд Ө.Батбаяр байр сууриа илэрхийлж, асуудлыг дипломат түвшинд хэлэлцэхээ мэдэгдлээ.

Тэрбээр АНУ-д нийт 44 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг дурдсан бөгөөд бүс нутгаар нь авч үзвэл:

  • Чикаго хотод 15 мянга орчим
  • Элчин сайдын яам байрлах гурван мужийн заагт 10 гаруй мянга
  • Баруун эрэгт буюу Калифорни, Сиатли, Санфранциско, Лос-Анжелэст 10 орчим мянган иргэн байна

Ө.Батбаяр “АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн эрх авснаас хойш хэрэгжүүлж байгаа ажлуудын хамгийн анхаарал татсан хэсэг нь цагаач иргэдийн бодлого” хэмээн онцолж, энэ бодлого нь аюулгүй байдал, нийгмийн халамжийн зардалтай холбоотойгоор чангарч байгааг тайлбарлав.

Тэрбээр мөн “Би айлын талтай өчигдөр утсаар ярьсан. Буцаж очингуутаа даруйхан Гадаад харилцааны ямтай уулзаж, энэ асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ өөрсдийн байр суурийг хамгаалж, яагаад ийм болсон, монгол иргэдийг энэ чиглэлээс хасуулах талаар ажиллана. Энэ бол миний үүрэг” гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын харилцаа гуравдагч хөршийн стратегийн түвшинд хүрсэн тул хоёр талын хамтын ажиллагааг харгалзан үзэх шаардлагатайг онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй