Станбулаас ирсэн зорчигч 417 грамм метамфетамин нуун нэвтрүүлэхийг завджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Станбулын нислэгээр Монголд ирсэн зорчигч 417 грамм хар тамхи улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсэд томоохон хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо. 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлгөөр ирсэн Монгол Улсын иргэн хориотой бодис тээвэрлэж явсныг Гаалийн байгууллага, тагнуул болон цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Шалгалтын явцад тухайн зорчигч өөрийн дагалдах ачаандаа байсан электрон бараан дотор 417 грамм метамфетамин бодисыг нууж далдалсан байжээ. Уг бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан бөгөөд рентген хяналтын төхөөрөмжөөр ачааг шалгах үед илэрсэн байна. Одоогоор Гаалийн байгууллагаас хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Гаалийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:

  • Гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх;
  • Өөрийн тээш, ачааны агуулгыг биечлэн сайтар шалгаж нягтлах;
  • Бусдын гуйлтаар энгийн бараанд нуусан хориотой бодис тээвэрлэхээс ямагт болгоомжлох.

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, энгийн иргэдийг ашиглан дайвар ачаа болгон өгөх, ахуйн бараанд нуух арга хэлбэрүүд түгээмэл ашиглагдах болжээ. Иймд зорчигч та хариуцлагаа ухамсарлаж, бусдын ятгалгад авталгүйгээр энэ төрлийн хүнд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх шаардлагатайг албаныхан анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй