Холливудын нэрт жүжигчин Шарлиз Терон 15 настай байхад нь тэдний гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдлын талаар дэлгэрэнгүй хуваалцлаа. 1991 оны тэр нэгэн шөнө Өмнөд Африкт байх тэдний гэрт согтуу эцэг нь галт зэвсэг ашиглан буудаж эхэлжээ.
Жүжигчин бүсгүй энэ тухай “New York Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тухайн үед Шарлиз ээж Герда Тероны хамт унтлагын өрөөндөө нуугдаж байсан бөгөөд эцэг нь хаалганых нь цаанаас шууд буудаж байжээ. Энэ үед ээж нь өөрийгөө болон охиноо хамгаалахын тулд галт зэвсэг авч, хариу гал нээсэн байна.
Сум коридорт долоон удаа ойж, эцгийнх нь гарыг оносон гэж Шарлиз Терон тайлбарлав. Хожим нь шүүхээс ээжийнх нь үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзсэн тул түүнд ямар нэгэн ял оноогоогүй аж.
Жүжигчин бүсгүй удаан хугацааны турш үүнээсээ ичиж, ийм зовлон зөвхөн тэдэнд л тохиолдсон гэж боддог байснаа ярьжээ. Тэрээр өөрийгөө энэ шаналал дунд ганцаараа гэж мэдэрдэг байсан ч олон жилийн дараа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ямар том асуудал болохыг ойлгосон байна.
Тероны хэлснээр, ийм нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүдэд хүмүүс маш шударга бус ханддаг. Тэр байтугай төрөлх улсад нь ч эмэгтэйчүүдэд тулгарч буй аюул заналыг хүмүүс нухацтай авч үздэггүй. Тухайн үед ээжийг нь ч хэн ч ойшоож үзээгүй гэдэгт жүжигчин бүсгүй итгэлтэй байдаг аж.
Хүнд дурсамж үлдсэн ч ээж нь Шарлизыг хэвийн амьдралдаа хурдан эргэж ороход нь тусалжээ. Тэрээр эмгэнэлт явдлын маргааш нь л сургуульдаа явсан байна. Удалгүй тэрээр Өмнөд Африкаас явж, моделийн карьераа эхлүүлсэн бөгөөд дараа нь АНУ-д суурьшин дэлхийн хэмжээний алдартай жүжигчин болсон түүхтэй.