ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Путиныг Украины төрийн тэргүүн Владимир Зеленськийтэй Москва хотноо уулзахад татгалзах зүйлгүй байгааг уламжиллаа. Гэхдээ Кремлийн зүгээс уг дээд хэмжээний уулзалтыг хийхдээ тодорхой хатуу болзол тавьж байна. Тухайлбал, Владимир Путин гагцхүү “эцсийн шийдвэрт хүрч”, “бүр мөсөн гал зогсоох хэлэлцээг бодитой болгож”, “ОХУ-ын тавьсан шаардлагыг хүлээн авах тохилдолд л уулзана” гэсэн байр суурьтай байгааг тэрбээр тодотгосон юм.
“Киев Индепендент” цахим хуудсанд мэдээлснээр Оросын тал Украиныг бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахаас нааш дипломат яриа хэлэлцээнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа аж. Нөгөө талд Владимир Зеленський уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч байршлын хувьд эрс өөр байр суурьтай байна. Тэрбээр “Уулзалт ямар форматтай байхаас үл хамаараад бид уулзахад бэлэн. Гэхдээ Беларусь болон Оросоос бусад улс оронд уулзах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Украин, Оросын харилцаанд үүсээд буй энэхүү мухардалд гуравдагч талын нөлөө болон түүхэн баримтууд дараах байдалтай байна:
- Владимир Зеленський АНУ-ын зуучлалаар гурван талт хэлэлцээ эхлүүлэхийг уриалж байгаа ч Иранд өдөөсөн дайн үүнд саад болж байна.
- 2025 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Аляск мужид Владимир Путинтэй уулзалт зохион байгуулсан.
- Доналд Трамп тухайн үед “Яриа хэлэлцээг түргэвчлэхийн тулд ажиллаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн боловч Кремлийн зүгээс энэ мэдээллийг эрс няцаасан юм.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын зүгээс ОХУ-ыг ямар нэг байдлаар гурван талт хэлэлцээнд ятгаж байсан ч Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал дипломат үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. Иранд өрнөж буй дайнтай холбоотойгоор олон улсын зуучлал зогсонги байдалд ороод байгаа бөгөөд энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзах боломжийг улам бүр алдагдуулж байна.