Бээжин хотод өрөөндөө түгжигдсэн 89 настай эмээ унтлагын өрөөнөөсөө гарахын тулд туйлын аюултай алхам хийжээ. Тэрээр 27 дугаар давхраас 21 дүгээр давхар хүртэл байшингийн гадна ханаар дамжин буусан бөгөөд аврагчид түүнд тусалсан байна.
Энэ талаар “South China Morning Post” хэвлэл мэдээллээ. Бээжин хотын оршин суугч өндөр настанг 26 дугаар давхрын түвшинд байхыг нь цэвэрлэгч болон харуул нар анх анзаарчээ. Тэд байшингийн гадна талаас хачин чимээ гарахыг сонсоод дээш хартал, агааржуулагчийн гадна блокыг хамгаалсан төмөр тооноос нэгэн эмэгтэй зүүгдсэн байхыг олж харсан байна.
Тэд шууд цагдаагийн газарт дуудлага өгч, эмээг хөдлөлгүй хүлээхийг гуйсан боловч тэрээр доошоо үргэлжлүүлэн буусаар 21 дүгээр давхарт буюу газраас 50 метрийн өндөрт ирж зогсжээ.
Гал сөнөөгчид байшингийн дотор талаас аврах ажиллагааг явуулсан байна. Тэд эхлээд эмээг хамгаалалтын олсоор бэхлээд, дараа нь төмөр торыг хэсэгчлэн зүсэж, түүнийг агааржуулагчийн тавцан дээр суулган амраажээ. Мөн түүнд дулаан хүрэм, ус өгсөн байна.
Аврагчдын тогтоосноор 89 настай эмээ 27 дугаар давхарт ганцаараа амьдардаг бөгөөд гар утсаа зочны өрөөнд үлдээгээд унтлагын өрөөндөө санамсаргүйгээр түгжигджээ. Сандарч тэвдсэн эмээ агааржуулагчийн төмөр тооноос зүүгдэн доош буух маш эрсдэлтэй шийдвэр гаргасан байна. Тэрээр ийм аргаар нэгдүгээр давхар хүртэл бууна гэж төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрчээ.
20 минут орчим амарсаны дараа гал сөнөөгчид тавцан болон 21 дүгээр давхрын цонхны хооронд түр гүүр босгож, дамнуурга ашиглан эмээг дотогш оруулсан байна. Азаар тэрээр ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй бөгөөд зөвхөн маш их ядарч, айж сандарсан байжээ.