Японы хойд хэсгийн Аомори мужид шувууны ханиадын дэгдэлт гарсантай холбогдуулан орон нутгийн эрх баригчид 230,000 тахиаг устгалд оруулж эхэллээ. Kyodo агентлагийн мэдээлснээр, өвчний голомт илэрсэн бүс нутгийн 32 шувууны аж ахуйн эргэн тойронд 10 км-ийн радиуст хөл хорионы бүс тогтоогоод байна.
Мэргэжилтнүүд халдвар тархахаас сэргийлж буй бөгөөд энэ нь эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүйг анхаарууллаа. Тухайлбал, 2023 онд Японд шувууны ханиадын улмаас олон сая тахиаг бөөнөөр нь устгасан нь тахианы өндөгний үнийг 1991 оноос хойш байгаагүй хамгийн дээд түвшинд хүргэж байсан юм. Тухайн үед өндөгний үнэ өмнөх оныхоос 76%-иар өссөн нь хэрэглэгчдийн зах зээлд том цохилт болж, Токиогийн зарим супермаркетууд өндөг худалдан авалтад хязгаарлалт тогтоож байв.