Хүннү дагуул хотын дэд бүтэц: 127.4 км авто зам тавихаар төлөвлөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүннү хотод 127.4 км авто зам барина

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах стратегийн ач холбогдолтой Хүннү дагуул хотын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Тус хотын авто замын сүлжээний техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төслийн ажил 2025 оны нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл нь 58 хувьд хүрчээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, шинээр байгуулагдах хотын дэд бүтцийн гол тулгуур болох 127.4 км урт авто замын сүлжээг бүсчлэн төлөвлөөд байна.

Авто замын сүлжээг бүсүүдээр ангилбал

Бүтээн байгуулалтын хүрээнд дараах чиглэлүүдэд зам тавихаар төлөвлөжээ:

  • Хотын төв болон засаг захиргааны бүсэд: 77.8 км
  • Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт: 24.6 км
  • Тээвэр, логистикийн нэгдсэн төвийн бүсэд: 16.4 км
  • Олон нийт, худалдаа үйлчилгээний хэсэгт: 6.4 км
  • Их, дээд сургууль, өндөр технологийн бүсэд: 2.2 км

Зураг төслийн ажил дууссаны дараа бүтээн байгуулалтыг үе шаттайгаар эхлүүлэх бөгөөд эхний ээлжид 2027 онд 286 га талбайг бэлтгэж, 60.6 км замыг барьж эхлэхээр төлөвлөсөн байна.

Хүннү хотын ирээдүйн дүр төрх

Хүннү хот нь нийт 31.5 мянган га талбайг хамрах бөгөөд 45 мянга орчим өрх тогтвортой суурьших боломжтой орчин үеийн эко хот байх юм. Тус хотод төр, засгийн байгууллагууд, яам, агентлагуудын нэгдсэн цогцолбор байрлахаас гадна олон улсын нисэх буудал, тээвэр логистикийн төвүүд төвлөрнө.

Энэхүү томоохон төсөл хэрэгжсэнээр нийт 10.5 сая ам метр талбай бүхий барилга байгууламж сүндэрлэж, 80 мянга гаруй шинэ ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Энэ нь нийслэлийн хэт төвлөрлийг сааруулаад зогсохгүй, эдийн засгийн шинэ коридор нээх ач холбогдолтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй