ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар нэг цаг гаруй хугацаанд утсаар ярилцаж, ирэх тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөр гал зогсоох боломжийн талаар хэлэлцсэн байна. Оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Путин баярын өдрөөр байлдааны ажиллагааг түр зогсооход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн ярианы үеэр Путин саяхан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэргийг эрс шүүмжилж, алан хядах аливаа үйлдлийг буруушааж буйгаа илэрхийлсэн байна.
Уулзалтын дараа Дональд Трамп хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ гал зогсоох санаачилгыг өөрөө гаргасан хэмээн онцолжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Путинтэй маш нухацтай, удаан ярилцлаа, олон хүн дэмий амь насаа алдаж байгаа тул ядаж баярын өдрүүдэд галаа зогсоох саналыг би тавьсан, Путин энэ талаар албан ёсоор мэдэгдэх байх, хэдий богино хугацаанд ч хамаагүй энэ дайныг зогсоох нь чухал байна хэмээн хэлсэн байна.
Өмнө нь хоёр тал Улаан өндөгний баяраар нэг хоногийн хугацаанд гал зогсоож байсан туршлага бий. Гэвч тухайн үед талууд хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэг нэгнээ харилцан буруутгаж байсан юм. Тиймээс энэ удаагийн баярын гал зогсолт хэр бодитой хэрэгжих нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Энэ жилийн Ялалтын баярын хувьд ОХУ-ын эрх баригчид цэргийн техник ашиглалгүйгээр, маш даруухан тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь аюулгүй байдлын нөхцөл байдалтай шууд холбоотой юм. Сүүлийн үед Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын агаарын хамгаалалтыг нэвтэрч, Москва хот төдийгүй Уралын нурууны бүс нутагт хүртэл хүрэх болсон тул олон нийтийг хамарсан том хэмжээний жагсаал арга хэмжээнээс татгалзахад хүрчээ.