Орчин үеийн технологийн ачаар хүмүүс өөрийнхөө оршуулгын ёслолд “зочин” болон оролцох боломжтой болжээ. Гэхдээ энэ нь бодит хүн биш, харин тэдний виртуал хуулбар юм. Саяхан АНУ-ын иргэн, 78 настай Пэм Кронрат нөхрийнхөө хойд насанд үдэх ёслол дээр голограмм ашиглан таалал төгссөн нөхрөө “амилуулсан” талаар Daily Mail мэдээлэв.
Пэм болон түүний нөхөр Билл нар бараг 60 жилийн турш аз жаргалтай амьдарчээ. Хайртай нөхрөө нас барахад Пэм түүнд зориулж хүн бүрийн гайхшралыг төрүүлсэн “супер үдэлт” зохион байгуулна гэж амласан байна.
Арга хэмжээг төлөвлөх явцдаа Пэм технологийн дэвшлийг ашиглахаар шийджээ. Тэрээр өмнө нь нэгэн анагаах ухааны хурлын үеэр эмчийн голограмм шууд дамжуулалтаар илтгэл тавьж байсныг санаж, Биллийг яг тэрэн шиг гурван хэмжээст дүр төрхөөр бүтээж чадах компанийг хайж олсон байна.
Хэд хэдэн товчоо бэлэвсэн эхнэрт туслахаар зөвшөөрч, Биллийн хуучин видео бичлэг болон бусад дүрсийг ашиглан түүнийг “амилуулжээ”. Пэм Кронрат өөрөө нөхөртөө зориулж хэлэх үгийг нь бэлдсэн бөгөөд “нөхөр” нь зочдын өмнө гарч ирэн үг хэлэхэд хүмүүс ихэд цочирдсон байна.
“Хүмүүс үнэхээр айж сандарсан. Зарим нь юу болоод байгааг огт ойлгохгүй байлаа” гэж Пэм Кронрат ярьжээ.
Бэлэвсэн эхнэрийн хэлснээр, голограмм дүр нь хэзээ ч нөхрийг нь орлож чадахгүй ч дижитал Биллтэй “харилцах” нь хуучин зургийн цомог эсвэл гэр бүлийн бичлэг үзэхтэй адил мэдрэмж төрүүлсэн байна.