М.Нандин-Эрдэнэ Бразилын аварга Флавио Сантоштой тавдугаар сарын 2-нд хүч үзнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
М.Нандин-Эрдэнэ Флавио Сантоштой тулалдана

Өмнөд Солонгост төвтэй холимог тулааны Black Combat холбооны “BnD Black Cup: Omega Korea vs Eurasia” эвентийн хүрээнд Монголын тамирчин М.Нандин-Эрдэнэ ирэх тавдугаар сарын 2-нд Бразилын тулаанч Флавио Сантоштой октагонд өрсөлдөхөөр болжээ.

Бямба гарагт /2026.05.02/ болох энэ үдэш нийт 15 тулаан хуваарьт багтсан байна. Харин гол тулаанд Киргизийн Адилет Нурматов болон өмнө нь UFC-д барилдаж явсан Бразилын Виктор Уго нар хоорондоо учраа таарна.

Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй М.Нандин-Эрдэнэ холимог тулааны замналдаа 29 тулаан хийж, 18 ялалт аваад байна. Боксын суурьтай тэрбээр өнгөрсөн сард 39 нас хүрсэн бөгөөд 2026 онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялалт байгуулж, амжилттай формоо хадгалсаар байгаа юм.

Тодруулбал, тэр 2026 оны нэгдүгээр сарын 31-нд болсон “Black Combat 16” тэмцээнд Өмнөд Солонгосын Ён Хён Пакийг ялсан. Үүний дараа гуравдугаар сарын 23-нд “DAFC 001” тэмцээнд Ен Сёк Пакийг хугацаанаас нь өмнө буулган авч, энэ оны хоёр дахь ялалтаа авсан билээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Флавио Сантош ирэх долдугаар сард 35 нас хүрнэ. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард Ги Бум Мүнийг буулган авч жингийн аваргын бүсийг хүртэж байсан ч бүсээ хамгаалах эхний тулаандаа Хан Гүк Жүнд ялагдсан байна. Бразил тамирчин мэргэжлийн замналдаа 23 удаа октагонд гарч, 14 ялалт байгуулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй