Английн алдарт жүжигчин, зохиолч Стивен Фрай гурван жилийн өмнө Лондонгийн “O2 Arena”-д болсон хиймэл оюун ухааны бага хурлын үеэр хоёр метрийн өндөр тайзнаас унасантайгаа холбогдуулан зохион байгуулагчдыг шүүхэд өгсөн байна. Энэ тухай ВВС агентлаг мэдээллээ.
Нийт 100,000 фунт стерлинг (135 мянган ам.доллар) нөхөн төлбөр авахаар гаргасан уг нэхэмжлэлийг “CogX Festival” компани болон “Blonstein Events” бүтээлч агентлагийн эсрэг гаргажээ. Жүжигчнийг төлөөлж буй “Fieldfisher” хуулийн фирмийн өмгөөлөгч Кит Баррет хэлэхдээ, асуудал шүүхэд хүрсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, “Хариуцагч талууд эрхэм Стивен Фрайн болсон явдлын талаарх мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гэмтэл бэртэл болон учирсан хохирлыг хэн хариуцах ёстойг тогтоолгохоор шүүхэд хандахаас өөр аргагүй болсон” гэв.
Нэхэмжлэлд дурдсанаар, 2023 оны есдүгээр сард болсон уг явдал нь хариуцагч талууд болон тэдний төлөөлөгчдийн “хайхрамжгүй байдал ба/эсвэл үүргээ биелүүлээгүй”-гээс үүдэлтэй ажээ. Тодруулбал, тэд тайз болон тайзны арын хэсгийн аюулгүй байдлыг хангаагүй, гэрэлтүүлэг хангалтгүй байсан төдийгүй өндрөөс унахаас сэргийлэх зохих арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байна.
Стивен Фрай өөрт тохиолдсон явдлын талаар ВВС-д ярихдаа, илтгэлээ тавьж дуусгаад үзэгчдэд мэхийж ёсолсныхоо дараа тайзнаас буухаар эргэхдээ ирмэгт тулснаа анзаараагүй гэжээ. Улмаар тэрээр зургаан футын (1.83 метр) өндрөөс бетон шалан дээр унасан байна. “Үүний улмаас миний баруун хөл хэд хэдэн газраа хугарч, дунд чөмөг болон аарцагны яс дөрвөн хэсэгтээ цуурсан. Мөн хэд хэдэн хавирга маань хугарсан байсан” хэмээн жүжигчин ярьжээ.