Япон – Амьтны хүрээлэнгийн ажилтан эхнэрийнхээ цогцсыг шатаажээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Asahiyama zoo

Японы нэгэн амьтны хүрээлэнгийн ажилтан эхнэрийнхээ цогцсыг инсинераторт (амьтны сэг зэм устгах зуух) хийж шатааснаа цагдаа нарт хүлээжээ. Энэхүү аймшигт хэргийн улмаас тус хүрээлэн зуны улирлын нээлтээ хойшлуулж, хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Уг хэрэг Японы хойд хэсэгт орших Асахикава хотын “Асахияма” амьтны хүрээлэнд гарчээ. Тус байгууллага гурван долоо хоног үргэлжилсэн техникийн засвар үйлчилгээний дараа Японы үндэсний баяр болох “Алтан долоо хоног” (Golden Week) эхлэхээс өмнө буюу лхагва гарагт нээлтээ хийхээр төлөвлөж байсан юм. Гэвч хотын захиргаанаас хүрээлэнг дор хаяж баасан гараг хүртэл хаалттай байлгах шийдвэр гаргажээ.

Талийгаач эмэгтэйг сураггүй болсонд тооцож, нэгэн танил нь цагдаад мэдэгдээд байсан бөгөөд ажилтан эр хэргээ хүлээсний дараа цагдаа нар нэгжлэг шалгалт эхлүүлсэн байна. Хотын захиргаанаас иргэдэд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчиж, мөрдөн байцаалтын явцаас шалтгаалж хүрээлэнг урьдчилан мэдэгдэхгүйгээр дахин хааж магадгүйг анхааруулав.

Асахикава хотын дарга энэ нөхцөл байдлыг “урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг” хэмээн тодорхойлоод, “Хэн ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Би маш их түгшиж байна, бид урьд өмнө үзэгдээгүй хэмжээний хямралтай нүүр тулаад байна” гэж мэдэгджээ. Тэрээр үүний зэрэгцээ хот нээлтэд бэлтгэж байгааг дурдаад, хүрээлэнгийн үйл ажиллагаа сэргэхэд олон хүн ирнэ гэдэгт найдаж байгаагаа нэмж хэлэв.

1967 онд нээгдсэн Асахияма амьтны хүрээлэн нь жил бүр сая гаруй хүн зочилдог Японы хамгийн алдартай хүрээлэнгүүдийн нэг юм. Тус хүрээлэн нь амьтдыг ойроос ажиглах боломжийг олгодог шилэн бөмбөгөр оройтой байгууламж болон газраас дээш өндөрт байрлах вольерүүдаараа алдартай. Хүрээлэн 4 дүгээр сарын 8-наас хойш зуны улирлын бэлтгэл ажлын хүрээнд түр хаагдаад байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй