Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал эхэлнэ.
Энэхүү жагсаалд ОХУ-ын нийт 11,000 цэргийн алба хаагч оролцох бөгөөд гадаадын 13 орны 1,500 гаруй цэрэг хамтран алхана. Үүнд Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмарын цэргүүд багтжээ.
Монголын төлөөлөл болох Зэвсэгт хүчний алба хаагчид 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд ОХУ-д хүрэлцэн очсон бөгөөд тэд “Звенигородский” нэртэй цэргийн амралт, сувиллын газарт байрлаж, Казахстан, Тажикистан, Туркменистаны цэргийн багуудтай хамт бэлтгэл сургуулилалтаа хийжээ.
Түүнчлэн тавдугаар сарын 8-ны өдөр ОХУ-д болсон “Ялалтад тэмүүлсэн морьд” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас 25 хүний бүрэлдэхүүнтэй салаа оролцож, ОХУ-ын хүндэт харуулын салаатай хамтран хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар цэргийн алба хаагчиддаа хандан дараах үгсийг захисан:
“Ялалтын парадад амжилттай оролцож, монгол цэргийн сүр хүч, түүхэн уламжлалыг ёслол төгөлдөр харуулах”-ыг уриалсан байна.
Монголын цэргийн жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан удирдана. Жагсаалд оролцож буй бүрэлдэхүүнд:
- 28 офицер
- 50 ахлагч
- 2 гэрээт цэрэг
нийт 80 хүн багтсанаас 75 нь ёслолын жагсаалд алхаж, үлдсэн 5 нь удирдлагын бүрэлдэхүүнд багтаж байна.