Home Нийгэм Билл Гэйтс 2045 он гэхэд хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсэд зарцуулахаар шийдлээ

Билл Гэйтс 2045 он гэхэд хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсэд зарцуулахаар шийдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Билл Гэйтс

Америкийн тэрбумтан, технологийн салбарын нэрт бизнесмэн Билл Гэйтс өөрийн нийт 200 тэрбум ам.долларын үнэлгээтэй хөрөнгийн 99 хувийг буяны үйлсэд зориулахаар шийдснээ албан ёсоор зарлалаа. Тэрбээр энэхүү төлөвлөгөөгөө 2045 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар зорьж байгаа бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан буяны сангаар дамжуулан энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх ажээ. Уг сан нь 2045 оны арванхоёрдугаар сарын 31-нд үйл ажиллагаагаа зогсооно.

69 настай Гэйтс өмнө нь ч хөрөнгөө сайн үйлсэд зарцуулах төлөвлөгөөтэй байсан ч энэ удаа уг хугацааг наашлуулсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Хандивын ихэнх нь саа, хумхаа зэрэг халдварт өвчнийг устгах, хүүхэд, эмэгтэйчүүдийн амь насыг аврах, дэлхийн ядуурлыг бууруулах зэрэг зорилгоор ашиглагдана.

Гэйтсийн энэхүү мэдэгдэл АНУ-ын олон улсын тусламжийн төсөл хөтөлбөрүүдийг хасах шийдвэрүүдтэй зэрэгцэн гарсан нь онцлог байв. Тухайлбал, тэрбумтан Илон Маскын хяналттай Doge агентлаг USAID-ийн хөтөлбөрүүдийн 80 хувийн санхүүжилтийг зогсоосон нь олон улсын тусламжийн хүрээнд сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм.

2023 оны байдлаар USAID нийт 44 тэрбум ам.долларын төсөвтэй ажиллаж байсан бол одоогийн байдлаар энэ хэмжээ эрс буурчээ. Үүнийг Гэйтс шүүмжилж, “Дэлхийн хамгийн баян хүн дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийг хөнөөж байгаа нь тийм ч таатай зүйл биш юм” хэмээн Маскын талаар сөрөг байр суурь илэрхийлсэн байна.

Тэрбээр цааш нь АНУ-ын тусламжийн тасалдлын улмаас сүүлийн хэдэн арван жилд нас баралтыг бууруулах чиглэлээр гарсан ахиц дэвшил суларч, ойрын 4-6 жилийн хугацаанд нөхцөл байдал эргэн дордох эрсдэлтэй байгааг анхааруулжээ. “Нас баралтын тоо анх удаа өсөж эхэлнэ. Тусламж дэмжлэг тасарсны улмаас сая сая хүн эрт нас барах болно” гэж Гэйтс мэдэгдэв.

Гэйтсийн удирдаж буй сангийн жилийн төсөв 2026 онд 9 тэрбум ам.долларт хүрч, цаашид жил бүр 10 тэрбумыг зарцуулах төлөвтэй байгаа ч АНУ-ын төрөөс гаргасан хомсдлыг бүрэн нөхөж чадахгүй гэдгийг тэр тодотголоо.

Тэрбумтан Масктай харилцах харилцаа нь эхэндээ эерэг байсан ч сүүлийн жилүүдэд үзэл бодлын зөрчил нэмэгдэж, нийгмийн сүлжээнд ч ил харагдах болжээ. Өчигдрийн ярилцлагын дараа Маск “Гэйтс бол том худалч” хэмээн өөрийн сошиал хуудсанд бичсэн байна.

Энэхүү шийдвэрийг Гэйтс өөрийн сангийн 25 жилийн ойг тохиолдуулан зарласан бөгөөд анх 2000 онд тухайн үеийн эхнэр Мелинда Фрэнч Гэйтстэй хамт байгуулж, дараа нь Уоррен Баффет нэгдсэн юм. Тус сан байгуулагдсанаасаа хойш нийт 100 тэрбум ам.долларыг дэлхий даяарх хүмүүнлэгийн хөтөлбөрт зарцуулжээ. Үүнд ДОХ, сүрьеэ, хумхаа, вакцин судалгаа зэрэг өргөн хүрээний асуудлууд багтсан байдаг.

Гэйтс одоогийн байдлаар 108 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн үнэлэгдэж байгаа ч 2045 он гэхэд энэхүү хөрөнгө 200 тэрбумд хүрч, бүгдийг нь буяны үйлсэд зарцуулах хүлээлттэй байна. Тэрбээр энэ бүхнийг тайлбарлахдаа “Дэлхийд үнэт зүйл гэж байдаг. Миний эцэг эх надад үүнийг сургасан юм” хэмээн сэтгэл хөдөлгөм үг хэлжээ.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.