Хаан банкны мэдээллийн системд цахим халдлага үйлдэгдэж, 2.5 сая иргэний хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссоос олон нийтэд хандан анхааруулга гаргаж, иргэдийг яаралтай интернэт банкны нууц үг болон ПИН кодоо шинэчлэхийг зөвлөж байна.
Мөн банкны данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн эсэхийг тогтмол хянаж, ямар нэгэн сэжигтэй үйлдэл илэрвэл Хаан банканд нэн даруй мэдэгдэхийг уриалсан байна. Цаашлаад хувийн мэдээллээ цахим орчинд хамгаалах, үл мэдэгдэх эх сурвалжаас ирсэн холбоос, хавсралтыг нээхээс зайлсхийх нь нэн чухал гэдгийг ч онцолжээ.
ХЭҮК иргэдийн мэдээлэл задраад байгаа нөхцөлд кибер аюулгүй байдлаа сайтар хангаж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
