2025 оны тавдугаар сарын 23-ны өглөөний 09:20 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олонлог сургуулийн баруун талд айл өрхөөс гал гарсан тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 болон 63 дугаар ангийн аврагчид түргэн шуурхай хөдөлж, ослын газарт хүрэлцэн очиход 12 давхар орон сууцны дээд хэсэгт гал гарсан бөгөөд тухайн байранд хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байдалтай байжээ.
Аврагчид гал түймрийн голомтод яаралтай нэвтэрч, хоёр хүүхдийг эсэн мэнд гарган авснаар амь насыг нь хамгаалж чадсан байна. Галын аюулыг 09:55 цагт бүрэн унтраажээ.
ОБЕГ-аас иргэд, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдад хандан хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй орхих нь амь насанд аюул учруулж болзошгүйг онцгойлон сануулж, ийм үйлдлээс зайлсхийхийг уриаллаа.