Тайванийн Тайпэй болон Шинэ Тайпэй хотноо тавдугаар сарын 17-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “World Masters Games” тэмцээн буюу ахмадын олимпийн наадамд Монголын тамирчин түүхэн амжилт үзүүллээ.
Энэ тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд 2021 онд цар тахлын улмаас хойшлогдсон. Харин энэ жил 108 орны 25,000 гаруй ахмад тамирчид 35 төрлийн спортоор өрсөлдөж, дэлхийн хамгийн шилдэг ахмадын цугларалт болж байна.
Ц.Раднаа гуай түүх бүтээлээ
Монгол Улсын гавьяат тамирчин, 91 настай Ц.Раднаа ахмадын олимпийн хөнгөн атлетикийн төрөлд эх орныхоо нэрийг түүхэнд мөнхөлж, нийт таван алтан медаль хүртжээ.
Тэрбээр дараах зайд оролцож, бүгдэд нь түрүүлсэн байна:
- 100 метр (90+ нас): 17.69 секунд
- 200 метр (90+ нас): 36.33 секунд
- 400 метр (90+ нас): 1 минут 32.05 секунд
- 800 метр (90+ нас): 3 минут 43.30 секунд
- 1,500 метр (90+ нас): 7 минут 59.41 секунд
Тэрээр өчигдөр болсон 800 метрийн уралдаанд 80+, 85+, 90+ насны ангиллын таван тамирчны дундаас хурд хүчээ гайхуулж, тав дахь алтан медалиа зүүжээ.
Монголын нэрийг дэлхийд гаргасан бахархал
Ц.Раднаа гуайн энэхүү амжилт нь зөвхөн Монголын спортын төдийгүй дэлхийн ахмадын спортын түүхэнд бахархам дурсамж болон үлдлээ. Түүний тууштай байдал, тэсвэр тэвчээр, хурд хүч нь олон залуу үеийнхэнд үлгэр дууриалал болж байна.