Table of Contents
Варшав хотод болох дэлхийн аваргад 20 баг өрсөлдөнө
3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны зургаадугаар сарын 1-нээс 7-ны хооронд Польшийн Варшав хотод зохион байгуулагдана.
Анх 2012 онд Грекийн Афин хотод болсон энэхүү тэмцээн өнгөрсөн жил Улаанбаатарт үргэлжилж, Монголын эмэгтэй шигшээ баг түүхэн амжилт үзүүлэн мөнгөн медаль хүртсэн билээ.
Хэсгийн шатны өрсөлдөгчид тодорлоо
Дэлхийн аваргад оролцох сүүлийн эрхийн төлөөх тэмцээн саяхан дууссанаар хэсгийн шатанд тоглох багуудын бүрэлдэхүүн албан ёсоор тодорхой болсон байна. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт дэлхийн шилдэг 20 баг оролцох бөгөөд тэднийг дөрвөн хэсэгт, хэсэг бүрт таван баг байхаар хуваажээ.
Монголын эрэгтэй баг хүчтэй өрсөлдөгчидтэй нэг хэсэгт багтав
Монголын эрэгтэй шигшээ “B” хэсэгт АНУ, Латви, Чех болон тэмцээнийг зохион байгуулагч Польшийн багтай өрсөлдөхөөр боллоо.
Энэ хэсгийн хамгийн анхаарал татах багуудын нэг нь АНУ юм. Тэд дэлхийн аваргаас нэг алтан медаль, хоёр мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай. Харин Латвийн шигшээ нэг мөнгө, нэг хүрэл медальтай багт тооцогдож байна.
Эмэгтэй багийн хувьд ч тун хүнд хэсэг хүлээж байна
Монголын эмэгтэй шигшээ мөн “B” хэсэгт багтсан бөгөөд Испани, АНУ, Унгар, Австралийн багуудтай тоглоно.
Энэ хэсэгт Австралийн баг онцгой анхаарал татаж байна. Тэд Азийн аваргад найман удаа оролцохдоо зургаан түрүү авсан амжилттай бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан аваргалсан хүчтэй бүрэлдэхүүнтэй баг юм.
Монголын багуудын дэлхийн аваргын түүхэн замнал
Монголын эрэгтэй шигшээ дэлхийн аваргад зургаа дахь удаагаа оролцох гэж байна. Тэд 2018 онд анх удаа энэ тэмцээнд хүч үзэж, наймдугаар байрт шалгарсан нь одоогоор хамгийн өндөр амжилт нь хэвээр байгаа юм.
Харин эмэгтэй шигшээ баг тав дахь удаагаа дэлхийн дэвжээнд өрсөлдөх гэж байна. Өнгөрсөн жил Улаанбаатарт болсон тэмцээнд мөнгөн медаль хүртсэн нь тэдний түүхэн амжилтад тооцогдож байна.
