19 орны 197 тамирчин өрсөлдөх тэмцээн өнөөдөр эхэлнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны дөрөвдүгээр сарын 16-18-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотод болно. Энэ удаагийн тэмцээнд 19 орны эрэгтэй 108, эмэгтэй 89, нийт 197 тамирчин хүч сорихоор байна. Өчигдөр тэмцээний сугалаа явагдаж, жин тус бүрийн оноолт тодорчээ. Урьдчилсан барилдаанууд 11:00 цагаас, шигшээ барилдаанууд 16:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 15 тамирчин барилдах бөгөөд өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт, “Dushanbe-2025” Grand Slam-ийн аварга Ж.Анударь “D” хэсгийн эхний тойрогт Казахстаны Диана Буркееватай таарчээ. Түүнийг давбал Вьетнам, Хонконгийн тамирчдын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдана.
52 кг-д 12 жүдоч өрсөлдөхөөс өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальт, их дуулгын мөнгөн медальт М.Нандин-Эрдэнэ “С” хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатанд Япон, Тайванийн бөхчүүдийн ялсантай барилдахаар болсон байна. Энэ жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Азийн аварга Б.Хорлоодой “А” хэсгийг толгойлон эхний тойрогт мөн гоц мөргөсөн бөгөөд Хятад, Хойд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.
57 кг-ын жинд 16 тамирчин өрсөлдөх бөгөөд Монголын талаас өсвөр үеийн дэлхийн аварга М.Цэндбазар, мөн өсвөр үеийн дэлхийн аварга, “Tokyo-2024” их дуулгын хүрэл медальт Т.Ариунзаяа нар зодоглоно. М.Цэндбазар “А” хэсгийн эхний тойрогт Узбекистаны Шукуржон Аминоватай таарсан бөгөөд ялбал Хойд Солонгос, АНЭУ-ын бөхчүүдийн ялсантай учраа таарна. Харин Т.Ариунзаяа “С” хэсэгт Өмнөд Солонгосын Шин Юнатай эхэлж барилдах бөгөөд түүнийг давбал Киргизстан, Вьетнамын бөхчүүдийн ялсантай хэсгийн аваргын төлөө барилдана.
63 кг-д 13 тамирчин өрсөлдөхөөс дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аварга Л.Энхрийлэн энэ жинг толгойлон “А” хэсгийн эхний тойрогт гоц мөргөжээ. Тэр хэсгийн аваргын төлөө Киргизстан, Энэтхэгийн тамирчдын хэн ялсантай барилдана. 70 кг-д ОУХМ С.Лхагвадулам Казахстаны Ажар Асхаттай эхний тойрогт таарсан бөгөөд ялбал Тайванийн Ляо Юй-Жүнтэй өрсөлдөхөөр байна.
-78 кг-д 11 тамирчин барилдах ба Ж.Урангоо “А” хэсэгт Өмнөд Солонгосын Ли Жонгюнтай таарчээ. Тэр ялбал АНЭУ-ын Елизавета Лытвиненкотой хэсгийн аваргын төлөө барилдана. О.Хүслэн “D” хэсэгт Казахстаны Аруна Жангелдинатай эхэлж барилдах бөгөөд давбал Хятадын Ү Хунтаотай хүч үзэх юм. +78 кг-д А.Адъяасүрэн “В” хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатанд Узбекистаны Умида Нигматоватай барилдахаар болжээ.
Монголын эрэгтэй жүдочид хүчтэй өрсөлдөгчидтэй таарлаа
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 18 тамирчин өрсөлдөх бөгөөд Т.Түмэнжаргал “А” хэсгийн эхний тойрогт гоц мөргөжээ. Тэр хоёрдугаар тойрогт Хойд Солонгос, Өмнөд Солонгосын жүдочдын ялсантай барилдана.
66 кг-ын жинд 15 бөх барилдах бөгөөд Ө.Жанцандорж “А” хэсгийн эхний тойрогт Киргизстаны Адис Орозмаматовтай таарчээ. Түүнийг ялбал Тажикстаны Нурали Эмомалитай хэсгийн аваргын төлөө барилдана. Харин дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолк “С” хэсэгт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Нармандахтай эхний тойрогт учраа таарсан байна. Хэрэв давж чадвал Тажикстан, Хойд Солонгосын бөхчүүдийн ялсантай барилдах юм.
73 кг-д О.Уранбаяр “D” хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгос, Узбекистаны бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. 81 кг-д О.Шинэбаяр мөн “А” хэсгийн эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн шатанд Тажикстаны Сомон Махмадбековтой барилдана. Хэрэв ялбал Өмнөд Солонгос, Бахрейны бөхчүүдийн ялсантай хэсгийн аваргын төлөө өрсөлдөнө.
90 кг-д А.Мөнх-Эрдэнэ “D” хэсгийн эхний тойрогт Тажикстаны Мухаммаджон Абдужалилзодатай таарсан байна. Түүнийг давбал Киргизстан, Макаугийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана. -100 кг-д Т.Ган-Эрдэнэ “С” хэсэгт Хятадын Хуан Фучунтай эхний тойрогт таарсан бөгөөд ялбал Тажикстаны Джахонгир Маджидовтой хэсгийн аваргын төлөө хүч үзэх юм.
+100 кг-ын жинд 10 тамирчин өрсөлдөхөөс Ө.Пэрэнлэйжамц “А” хэсгийн эхний тойрогт Тайванийн Дай Ю-Минтэй таарсан байна. Хэрэв түүнийг ялбал Узбекистаны Алишер Юсуповтой барилдана. Харин О.Цэцэнцэнгэл “D” хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатанд Хятадын Ли Хайянтай таарчээ. Түүнийг ялж чадвал хэсгээ тэргүүлэн шөвгийн дөрөвт шалгарах боломжтой болно.