Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар дивизионы “B” хэсгийн хоёр дахь өдрийн тоглолтууд үргэлжилж, энэ хүрээнд Монгол Улсын шигшээ баг Люксембургийн шигшээ багтай мөсөн талбайд өрсөлдлөө.
Хоёр багийн тоглолт эхнээсээ л өндөр хэмнэлтэй, ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн байна. Манай шигшээ өрсөлдөгчдөө хүчтэй эсэргүүцэл үзүүлж, онооны төлөө тууштай тэмцсэн ч тоглолтын төгсгөлд 5:7-гийн харьцаатай ялагдал хүлээлээ.
Энэ тоглолтод Монголын баг таван шайб оруулсан ч Люксембургийн баг боломжуудаа илүү сайн ашиглаж, долоон гоолтойгоор давуу байдал тогтоожээ. Ийнхүү манай шигшээ хэсгийн шатны чухал тоглолтуудынхаа нэгийг хүндхэн өндөрлүүлсэн байна.
Гэсэн ч багийн хувьд тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд дараагийн тоглолт илүү чухал болж байна. Монгол Улсын шигшээ баг маргааш 20:30 цагаас тэмцээнийг зохион байгуулагч Хонконгийн шигшээ багтай тоглохоор хуваарьтай байна.
Энэ тоглолт нь хэсгийн хүснэгтийн байрлалд чухал нөлөө үзүүлэх учраас манай шигшээ баг дараагийн тулаанд илүү төвлөрч, хариу амжилт үзүүлэх зорилготой мөсөн талбайд гарах юм.