Монгол Улсын Засгийн газар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор Япон Улстай хамтран ажиллаж эхэлжээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мсарү Игавахара, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги, мөн “Ориентал Консалтантс Глобал” компанийн төлөөлөл К.Такахаши нарыг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр талууд нисэх буудлын өргөтгөл, түүний хүрээнд хийгдэж буй судалгааны ажлын явц, зураг төслийн шийдэл болон одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцжээ. Түүнчлэн барилгын явцад тулгарч болзошгүй асуудлууд, тухайлбал газар олголт, дэд бүтцийн бэрхшээлүүд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал хэлэлцсэн байна.
Мөн судалгааны багийн зүгээс танилцуулсан нисэх буудлын зүүн болон баруун тал руу хийх хэсэгчилсэн өргөтгөлийн төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж, шаардлагатай инженерийн болон менежментийн саналуудаа харилцан солилцсон юм.
Ийнхүү Монгол Улсын үндсэн агаарын хаалга болсон “Чингис хаан” нисэх буудлыг цаашид илүү олон зорчигч, нислэг хүлээн авах чадвартай болгох, бүс нутгийн тээврийн төв болон хөгжүүлэх алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ.