Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лигийн (NBA) 2024–2025 оны улирал өндөрлөж, «Оклахома Сити Тандер» баг аваргын цомыг өргөлөө. Тэд «Индиана Пэйсерз»-ийн эсрэг долоон тоглолтын туршид өрсөлдөж, 4:3 харьцаагаар ялалт байгуулсан нь түүхэн ялалт болон тэмдэглэгдлээ.
Тус цувралын финалын сүүлчийн тоглолтод «Тандер» баг 103:91 онооны харьцаагаар ялалт байгуулсан бөгөөд Оклахома хотод суурьшсан 17 жилийн дараа ийнхүү анх удаа лигийн түрүүг хүртэв.
Түүхэнд нэрээ үлдээсэн гайхамшигт улирал
«Тандер» баг энэ улирал болон хасагдах шатны тоглолтод нийт 84 хожил авч, NBA-гийн бүх цаг үеийн гурав дахь хамгийн өндөр үзүүлэлт болгож чадсан байна. Энэхүү амжилтын өмнө 2016-2017 оны “Голден Стэйт Уорриорс” (88 хожил) болон 2015-2016 оны “Чикаго Буллз” (87 хожил) бичигдэж байна.
Багийн гол тоглогч Шэй Гилжүс Александер финалын сүүлчийн тоглолтод 29 оноо, 12 оновчтой дамжуулалт амжилттай гүйцэтгэсэн бөгөөд:
- Улирлын үнэ цэнтэй тоглогч (MVP)
- Финалын үнэ цэнтэй тоглогч (Finals MVP)
- Онооны аварга
- Аваргын цомын эзэн зэрэг хосгүй амжилт гаргасан нь түүнийг NBA-гийн домогт тоглогчдын нэг болголоо.
Хамгийн сүүлд 2014–2015 онд Стеф Көрри улирлын MVP болсныхоо дараа аваргын цом өргөж байжээ.
Шай — онооны аварга, аваргын эзэн
Шэй улиралд 32.7 оноо дундажлан, шигшээ цувралд 30.3 оноо авсан нь 2000 оны Шакил Онилоос хойш онооны аварга цолтойгоо аваргын цом өргөсөн анхны тоглогч болсныг баталж байна. Ийм хос амжилтыг өмнө нь:
- Майкл Жордан – 6 удаа
- Карийм Абдул Жаббар, Жорж Майкан – тус бүр 2 удаа
- Жое Фулкс – нэг удаа
гаргаж байсан нь NBA-гийн түүхэнд ховор тохиол болдгийг илтгэнэ.