Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 гаруй уран бүтээлч оролцохоор болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 гаруй уран бүтээлч оролцохоор болжээ

2025 оны Үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан өндөр зохион байгуулалт дор тэмдэглэгдэх гэж байна. Одоогийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Энэ жилийн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байна. Тэрбээр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” уриан дор зохион байгуулахаар төлөвлөжээ. Наадмын нээлт, хаалтын ёслолд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд тэдгээрийн оролцоо нь үндэсний өв соёл, түүх, уламжлалыг уран сайхны хэлбэрээр илэрхийлэхэд чиглэгдсэн байна.

Түүнчлэн наадмын үеэр гадаад, дотоодын жуулчдад зориулан мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дэвшилтэт Augmented Reality (AR) технологийг ашиглах аж. Үүний ачаар наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, зочид буудал, ресторан, такси, түргэн тусламж зэрэг чухал мэдээллийг англи болон монгол хэл дээр, виртуал хэлбэрээр хүлээн авах боломж жуулчдад бүрдэнэ.

Мөн Монголын түүх, соёлыг сонирхогч жуулчид, иргэдийн хувьд томоохон соёлын байгууллагуудыг 3D хэлбэрээр үзэх боломж нээгдсэн байна. Үүнд дөрвөн гол музей багтаж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэн гар утсаараа дамжуулан виртуал аялал хийх боломжтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment