Ч.Ундрам: The MongolZ багийг төрөөс дэмжих асуудалд няхуур хандана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ч.Ундрам: The MongolZ багийг төрөөс дэмжих асуудалд няхуур хандана

Сүүлийн үед цахим спортын хүрээнд гарсан амжилтууд олон нийтийн анхаарлын төвд орж, төрөөс дэмжих эсэх тухай асуудал хөндөгдөж байна. Тодруулбал, The MongolZ баг “CS” төрлийн олон улсын мэйжор тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, түүхэн амжилт гаргасан нь цахим орчинд шүүмжлэл, урамшууллын шаардлагуудыг дагуулжээ.

Үүний зэрэгцээ сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй шигшээ багийн гишүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат тамирчин” цол олгож, 2026 оноос эхлэн насан туршдаа сар бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Харин “The MongolZ” багт мөн адил төрийн шагнал, урамшуулал өгөх ёстой гэх санал олон нийтийн зүгээс хөвөрч байгаа энэ үед Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам байр сууриа илэрхийллээ.

Ч.Ундрам: “Ямар ч байсан бид нар олимпын төрөлд багтдаг спортуудаа дэмжээд, урамшуулаад, бодлогын дэмжлэг үзүүлээд явах нь үндэсний эрх ашигт хамгийн чухал гэж үзэж буй. Төрийн сан хөмрөг хэмжээ хязгаартай. Тиймээс олимпын төрөлд орсон спортуудаа мэргэжлийн холбоодоор дамжуулж дэмжих нь зүйтэй. Тэрнээс төр спорт, мэргэжлийн холбоодтой ярилцахгүйгээр энэ төрлийг дэмжье, энэ илүү анхаарал татаад байгаа юм чинь гэсэн асуудал огт байж болохгүй. Тийм учраас энэ асуудалд илүү няхуур хандана.”

Ийнхүү цахим спортын амжилтыг төрөөс хэрхэн үнэлж, урамшуулах талаар тодорхой бодлогын хандлага хараахан бүрдээгүй байгаа нь ил боллоо. Одоогоор The MongolZ багт төрийн зүгээс ямар нэг урамшуулал олгох шийдвэр гараагүй бөгөөд холбогдох байгууллагууд энэ асуудлыг цаашид хэрхэн авч үзэх нь анхаарал татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment