АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Английн «Челси» баг Бразилын «Флуминенсе» багийг 2:0 харьцаатайгаар буулган авч, финалд өрсөлдөх эрхээ авч чадлаа.
Тус тоглолт Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод болж өнгөрсөн бөгөөд «Челси»-гийн шинэ довтлогч Жоао Педро хоёр гоол оруулан багаа ялалтад хүргэв. Тэрээр 18 болон 56 дахь минутад хаалгыг мялаасан бөгөөд энэ нь түүний дубль болжээ. Педро нь мэргэжлийн замналаа “Флуминенсе”-д эхлүүлж байсан бөгөөд 2019 он хүртэл тэнд тоглож байв. Харин тэрээр энэ долдугаар сард “Брайтон” багаас “Челси”-д нэгдсэн юм.
Тоглолтын 36 дахь минутад “Челси”-гийн хамгаалагч Трево Чалоба бөмбөгийг гараар тоглосон хэмээн үзэж, Францын шүүгч Франсуа Летексье 11 метрийн торгуулийн цохилт оноосон ч VAR системийн тусламжтайгаар энэ шийдвэрийг эргэн харж хүчингүй болгосон байна.
Финалын тоглолт ирэх долдугаар сарын 13-нд болох бөгөөд “Челси” баг Испанийн “Реал Мадрид” болон Францын “Пари Сен-Жермен” багуудын аль ялсантай нь дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. “Реал” болон ПСЖ-ийн тоглолт долдугаар сарын 10-нд шилжих шөнө 03:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Ньюарк хотод эхлэх юм.