Хязаалан насны морьдын уралдаанд тэргүүлсэн хурдан хүлгүүд тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хязаалан насны морьдын уралдаанд тэргүүлсэн хурдан хүлгүүд тодорлоо

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэн зохион байгуулж буй Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү уралдаанд нийт 256 хязаалан бүртгүүлсэн ч 195 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөлж, 18 километрийн замыг туулан хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин уралдав.

Тус уралдаанд түрүүлсэн болон айрагдсан хүлгүүдийн мэдээллийг Хурдан морины салбар хорооноос албан ёсоор танилцууллаа. Түрүү байранд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн сартай хүрэн хүлэг барианд түрүүлж, ард олныг баясгасан бөгөөд 10 настай унаач хүү Ц.Түвшинсайхан унаж уралдсан байна.

Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын Б.Лхагвацэрэнгийн халтар халзан үрээ давхиж, түүний унаач 10 настай хүү Б.Нармандах байлаа. Харин айргийн гуравт Говь-Алтай аймгийн Б.Гантулгын бор халзан морь 13 настай унаач Б.Эрдэнэбилэгийн унасан амжилтаар орж ирсэн юм.

Айргийн дөрөвт Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар үрээ, 12 настай Н.Сумъяабазар унаачийн хамт шалгарсан бол тавдугаар байрт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын А.Наранбаатарын хар ширээтэй саран уралдаж, 8 настай унаач Ц.Цэрэнтогтохийн унасан амжилтаар барианд орж иржээ.

Айргийн тав, зургаад зэрэг шахуу орсон хоёр хүлгийн бариа камерыг шүүж, Хэнтийн харьяат хүлэг тавдугаар байрт орсон нь албан ёсоор баталгаажсан хэмээн Хурдан морины салбар хорооноос мэдээлсэн байна.

Хязаалан насны морьдын уралдаан эрэмбэлэхэд олон аймгийн шилдэг уяачид, бага насны унаач хүүхдүүдийн ур чадвар, морины онцлог хүч бяр тод томруун харагдаж, баяр наадмын уур амьсгалыг улам бүр өрнүүллээ.

znimok ekrana 2025 07 10 o 09.39.27
znimok ekrana 2025 07 10 o 09.39.53

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment