Ёслолын буудлагатай төрийн далбааны өдөр: 1400 гаруй цэргийн алба хаагч хүндэтгэл үзүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ёслолын буудлагатай төрийн далбааны өдөр: 1400 гаруй цэргийн алба хаагч хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэгт хүндэтгэл үзүүлдэг “Төрийн далбааны өдөр” өнөөдөр уламжлал ёсоор тэмдэглэгдлээ. Уг арга хэмжээний хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид сүр жавхлантай цэргийн жагсаалаар оролцож, ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Төрийн далбаа болон Зэвсэгт хүчний Жанжин тугийг хүндэтгэлийн байранд залахтай зэрэгцэн Батлан хамгаалахын сайд Д.Батлут бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд жагсаалд бэлэн байгааг илтгэлээ. Үүний дараа төрийн дуулал эгшиглэж, далбаа мандуулах мөчид 21 удаа ёслолын буудлага үйлдэн хүндэтгэл үзүүлэв.

Цэргийн жагсаалд төрийн болон хууль сахиулах байгууллагын 23 нэгж оролцож, тэдгээрийн бүрэлдэхүүнд Москва хотод болсон Ялалтын 80 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсыг төлөөлөн оролцсон цэргүүд, Төрийн хүндэт харуулын дайчид, морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжим багтсан бөгөөд нийт 1400 гаруй цэргийн алба хаагч жагслаа.

Морьт цэргүүд түүхэн үе шатыг харуулан Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн тугууд болон орчин цагийн төрийн далбааг ээлжлэн залж, түүхэн болон орчин үеийн залгамж холбоог илэрхийлэв.

Ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр удирдсан бол арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ болон Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дайчид, иргэд, жуулчид хүрэлцэн ирж сонирхсон байна.

Монгол төрийн далбаан дээр байрлах Соёмбо нь тусгаар тогтнол, эв нэгдэл, шударга ёс, хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл билээ. Тус өдөр 2009 оноос эхлэн долоодугаар сарын 10-ны өдөр бүрт уламжлал болон тэмдэглэгдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment