Дэлхийн хамгийн өндөр настай гүйлтийн тамирчин хэмээн нэрлэгдэж байсан Британи-Энэтхэг гаралтай Фаужа Сингх 2025 оны долдугаар сарын 14-ний Даваа гарагт зам тээврийн осолд орж, харамсалтайгаар амиа алджээ. Тэрбээр 114 настай байсан бөгөөд “Турбант Торпедо” гэх хочоор олонд танигдсан нэгэн байв.
Сингх Энэтхэгийн Пунжаб мужийн Жаландхар хотын ойролцоо орших төрөлх тосгондоо зам хөндлөн гарч явах үедээ машинд мөргүүлсэн байна. Түргэн тусламжийн багийн мэдээлснээр, толгойн хэсэгтээ хүнд гэмтэл авсны улмаас амь нас нь хохирчээ. Осол үйлдсэн жолооч хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаагийн байгууллага түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Лондонд төвтэй “Sikhs in the City” нэртэй гүйлтийн клуб, буяны байгууллага Даваа гарагт цахим хуудсаараа дамжуулан Сингхийн нас барсан тухай мэдэгдэл гаргасан. Түүний дасгалжуулагч Хармандер Сингх “Сингх зам хөндлөн гарч байхдаа осолдсон” хэмээн тайлбар өгсөн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүний үхэлд гүнээ эмгэнэл илэрхийлж, “Фаужа Сингх Жи өөрийн өвөрмөц зан чанар, фитнесийн маш чухал замналаараа Энэтхэгийн залуучуудад урам зориг өгсөн. Арга барил нь үнэхээр гайхалтай байсан. Тэр үнэхээр гайхалтай шийдэмгий тамирчин байсан. Түүнийг нас барсанд сэтгэл зовж байна. Миний сэтгэл зүрх түүний гэр бүл болон дэлхий даяарх тоо томшгүй олон шүтэн бишрэгчидтэй хамт байх болно” хэмээн өөрийн «X» хуудаснаа бичжээ.
Фаужа Сингх 2013 онд 101 настайдаа сүүлийн гүйлтийн тэмцээнд оролцож, 10 км замыг 1 цаг 32 минут 28 секундэд туулан зодог тайлсан байдаг. Мөн 2012 оны Лондоны олимпийн үеэр тэрбээр олимпийн бамбарыг зөөсөн алдартай мөчийг бүтээсэн юм.