2026 онд зохиогдох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) тасалбарын худалдаа ирэх есдүгээр сарын 10-наас албан ёсоор эхлэх талаар Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) өнөөдөр Цюрих хотоос мэдэгдлээ. Мөн энэ өдөр тасалбарын анхны сугалаанд оролцох бүртгэл нээгдэнэ.
FIFA-гийн мэдээлснээр тасалбарын борлуулалт хэд хэдэн үе шатаар үргэлжлэх бөгөөд 2025 оны есдүгээр сарын 10-наас 2026 оны долоодугаар сарын 19-ний өдөр Нью-Йорк хотод болох финалын тоглолт хүртэл үргэлжлэх юм. Үе шат бүрийн худалдан авалтын нөхцөл, төлбөрийн арга, үйл явц харилцан адилгүй байх тул холбооноос эдгээр дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан нийтлэхээр төлөвлөжээ.
Хөгжөөн дэмжигчдэд зориулан FIFA-гийн албан ёсны цахим хуудсанд өөрийн бүртгэл (ID) үүсгэхийг зөвлөж байгаа бөгөөд ингэснээр тасалбарын дараагийн шатны мэдээлэл, хүсэлт гаргах хугацаа зэрэг чухал шинэчлэлтүүдийг цаг тухайд нь авах боломжтой болно.
FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино энэ талаар хэлэхдээ:
“Энэ бол түүхэн дэх хамгийн том спортын үйл явдал байх болно. Бид дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчдээ суудалдаа сууж, түүхийн нэг хэсэг болохыг урьж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
2026 оны ДАШТ нь хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн болох төлөвтэй байна. Уг тэмцээнд анх удаа 48 шигшээ баг оролцож, Канад, АНУ, Мексикийн нийт 16 хотын цэнгэлдэх хүрээлэнд 104 тоглолт явагдана. Уг тэмцээнд 6.5 сая орчим үзэгч оролцоно хэмээн тооцоолж буй юм.