Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах сэргээшийн хэрэглээтэй холбоотойгоор Олон Улсын Допингийн Шалгалтын Агентлаг (ITA)-ын анхааралд өртөөд байна. ITA долдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор мэдээлэхдээ түүний шинжилгээнээс тестостероны хэмжээг нэмэгдүүлдэг хориотой бодис илэрсэн болохыг онцолжээ.
Шинжилгээг энэ оны гуравдугаар сарын 29-нд Иорданы Амман хотод болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийн үеэр авсан байна. Илэрсэн бодис нь WADA-ийн хориглосон жагсаалтын S1.1 бүлэгт хамаарах анаболик андроген стеройд бөгөөд энэ төрлийн бодисыг ямар ч нөхцөлд хэрэглэхийг хатуу хориглодог. Эдгээр нь булчингийн массыг нэмэгдүүлж, тамирчны хүч, тэсвэр тэвчээрийг сайжруулдаг ажээ.
Ц.Цогбадрах тус тэмцээнд 65 кг-ын жинд өрсөлдөж, БНАСУ, Казахстан, Киргизстан улсын тамирчдыг ялсан ч, финалд Японы Кайсей Танабед 12:2 онооны харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.
ITA уг зөрчлийн талаар тамирчинд албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Ц.Цогбадрах “B” сорьцын шинжилгээ хийлгэх эрхтэй хэвээр байна. Хэрэв B сорьц мөн адил үр дүнг баталбал, албан ёсоор допингийн зөрчилд тооцно. Харин B сорьцын шинжилгээг хийхээс татгалзсан тохиолдолд ч дүрэм зөрчсөнд тооцогдоно. Энэ үндэслэлээр UWW болон WADA-ийн дүрмийн дагуу түүний тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлээд байгаа ажээ.
Ц.Цогбадрах уг шийдвэрийг эсэргүүцэх, хоригийг цуцлуулах хүсэлт гаргах эрхтэй. Одоогоор уг хэрэг бүрэн хэмжээгээр ITA-ийн мэдэлд шалгагдаж байна. Учир нь UWW (Чөлөөт бөхийн дэлхийн холбоо) – ийн допингийн хяналтын хөтөлбөрийг ITA хариуцаж байгаа юм.
Ц.Цогбадрах нь “Алдар” спорт хорооны тамирчин бөгөөд түүнийг Монголын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулдаг. Тэрбээр “Алдар”-ын чөлөөт бөхийн багийн сэргээшийн хэрэгт холбогдсон хоёр дахь тамирчин болж байна.