Испанийн нэрт клуб Реал Мадрид 2023–2024 оны улиралд 1 тэрбум еврогийн орлого олж, хөлбөмбөгийн түүхэнд ийм хэмжээний орлого бүртгүүлсэн анхны баг боллоо. Тодруулбал, тэд $1.04 тэрбумын орлогоор дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгийн клубүүдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.
2022–2023 оны улиралд Реал Мадрид 831 сая еврогийн орлого олж байсан бол энэ удаад өмнөх амжилтаа давж, Манчестер Ситиг ардаа орхин жагсаалтын эхэнд эргэн ирсэн байна. Энэ нь тэдний улирлын амжилт, стратегийн зөв менежменттэй холбоотой.
Тус улиралд Реал Мадрид Ла Лига, УЕФА-гийн Аваргуудын Лиг зэрэг гурван том цомын эзэн болж, Сантъяго Бернабеу стадионы шинэчлэлтийн дараах тоглолтуудаар орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн нь тэргүүн байраа баталгаажуулахад голлох нөлөө үзүүлжээ.
Deloitte-ийн тайланд дурдсанаар, Реал Мадридын тоглолтын өдрийн орлого 248 сая евро болж хоёр дахин өссөн байна. Түүнчлэн ханцуйны шинэ ивээн тэтгэгч гэрээ болон бараа бүтээгдэхүүний борлуулалтын өсөлтөөр арилжааны орлого нь 19 хувиар нэмэгдэж, 482 сая еврогт хүрчээ.
Мөн 2023–2024 оны улиралд дэлхийн топ 20 клуб нийтдээ 11.2 тэрбум еврогийн орлого олж, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой улирал болж тэмдэглэгдлээ.
Реал Мадридын ард 838 сая еврогийн орлогоор Манчестер Сити хоёрдугаар байрт бичигдсэн. Хэдий Манчестер Сити Английн Премьер Лигт хамгийн их орлого олдог клуб хэвээр байгаа ч Реалтай харьцуулахад 208 сая еврогийн зөрүүтэй байгаа нь өмнө нь тохиолдож байгаагүй том ялгаа юм.
Орлогын хэмжээгээр жагсаалтын эхний таван байрт дараах клубүүд бичигдэв:
- Paris Saint-Germain — 806 сая евро
- Manchester United — 771 сая евро
- Bayern Munich — 765 сая евро
Реал Мадридын энэ амжилт нь зөвхөн спортын талбар дээрх ялалт бус, мөн эдийн засгийн оновчтой бодлогын үр дүн болохыг харуулж байна.