ЕХ ОХУ-ын эсрэг 18 дахь багц хоригийг баталж, “сүүдрийн флот”, санхүүгийн сувгуудыг хамарчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ЕХ ОХУ-ын эсрэг 18 дахь багц хоригийг баталж, “сүүдрийн флот”, санхүүгийн сувгуудыг хамарчээ

2025 оны долдугаар сарын 18-нд Брюссель хотноо Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын төлөөлөгчид ОХУ-ын эсрэг 18 дахь багц хориг арга хэмжээг албан ёсоор баталлаа. Энэ талаар ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас өөрийн «Х» (хуучнаар Twitter) цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.

“Бид байр сууриндаа тууштай зогсоно. Европын Холбоо өнөөдрийг хүртэлх Оросын эсрэг хамгийн хатуу багц хориг арга хэмжээг дөнгөж сая баталлаа. Бид Кремлийн цэргийн төсвийг цаашид улам хязгаарлаж, ‘сүүдрийн флот’-ын 105 хөлөг онгоцыг хоригт хамруулж, мөн Оросын банкуудын санхүүжилтийг хязгаарлаж байна” хэмээн тэрбээр онцолжээ.

Шинэ хоригийн үндсэн агуулга:

  • ОХУ-ын газрын тосыг гуравдагч орнуудад экспортлох замаар олж буй орлогыг бууруулах
  • Газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель тутамд 45 ам.доллар болгох
  • “Умардын урсгал” болон “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн ажиллагааг бүрмөсөн хаах
  • ОХУ-ын 22 банкыг SWIFT төлбөрийн системээс хасах
  • Газрын тосноос гаргаж авсан бүтээгдэхүүний импортыг бүрэн хориглох
  • ОХУ-тай холбоотой хөлөг онгоцуудад хориг тавих
  • ЕХ-ны экспортын хязгаарлалтыг 2.5 тэрбум еврогоор нэмэгдүүлэх

Словактай холбоотой маргаан

Зургадугаар сард болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа уг багц хоригийг батлах ёстой байсан ч Словакын Ерөнхий сайд Роберт Фицо хориг тавихаа мэдэгдэж, хэлэлцээр саатсан байна. Гэхдээ Словакын эдийн засагт хохирол учруулахгүй гэсэн баталгаа өгснөөр зөвшилцөлд хүрч, хоригийг баталсан байна. Харин хий дамжуулалтыг хориглох шийдвэр нь бүх гишүүн орны зөвшөөрөл шаарддаггүй учир Р.Фицо тус шийдвэрийг гацаах боломжгүй ажээ.

Шинэ хориг арга хэмжээг одоо ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар баталж, улмаар ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment