Улаанбаатарын “Их дуулга”-д 29 орны шилдэг жүдочид хүч сориход бэлэн боллоо

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Улаанбаатарын “Их дуулга”-д 29 орны шилдэг жүдочид хүч сориход бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдогийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “Степ Арена”-д гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь “Лос-Анжелес 2028” зуны олимпын эрх болон дэлхийн чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд зохион байгуулалтыг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци болон Биеийн тамир, спортын улсын хороо хамтран хариуцаж байгаа юм.

Энэ удаагийн “Их дуулга”-д нийт 29 орны 247 жүдоч оролцох бөгөөд тэд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө. Зохион байгуулагч Монгол Улс жингийн ангилал тус бүрт дөрөв хүртэлх тамирчнаа оролцуулах эрхтэй бөгөөд нийт 56 жүдочийг нэр дэвшүүлсэн байна. Тэмцээний өмнөх байдлаар Бахрейны хаант улсын багийн ахлагч, ДАШТ-ий хүрэл медальт Камал Хан Магомедов, АНЭУ болон ОХУ-ын шилдэг тамирчид Улаанбаатарт ирж, хамтарсан бэлтгэлд оролцож эхэлжээ.

Дэлхийн шилдэг жүдочдоос Португалын Патрициа Сампайо, Испанийн Николаз Шеразадишвили, Молдавын Денис Вейру, Оросын Сабина Гилиазова, Азербайжаны Балабай Агаейв, Туран Байрамов, Францын Леа Фонтайн, Астрайд Жнето, Японы Мами Үмэки, Узбекистаны Достон Рузиев, Украины Богдан Ядов, Артем Лесюк, АНЭУ-ын Карим Абдулаев нар Монголын дэвжээнд барилдахаар болжээ. Япон, Франц, Солонгос, ОХУ, Узбекистан, Хятад, Тажикистан зэрэг орнууд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Тэмцээнийг С1 телевиз албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулах бөгөөд тасалбарын үнэ 30,000-100,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Худалдан авалт Shoppy.mn цахим сайтаар эхэлжээ. Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн нь энэ онд зохион байгуулагдаж буй ангиллын долоо дахь цуврал бөгөөд дараагийн тэмцээн энэ арваннэгдүгээр сард АНЭУ-ын Абу Дабид болно. Үүнээс өмнө “Их дуулга” ангиллын тэмцээн зохион байгуулагдахгүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Улус 18 июля, 2025 - 16:47

Манай нийслэлд 29 орны 250 шахам жүдоч оролцох ийм том тэмцээн болж байгаа нь үнэхээр сайхан хэрэг! Улаанбаатар хотод ийм арга хэмжээ олон байгаасай

Reply
Хачула 18 июля, 2025 - 17:02

Энэ бол үнэхээр том шоу — Их дуулга!

Reply

Leave a Comment