“Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд боомт дахь улсын хил хамгаалах 0108 дугаар ангийг орж, гарч буй ачааны галт тэргэнд үзлэг хийхэд зориулсан шинэ хяналтын төхөөрөмжөөр хангажээ. Энэхүү төхөөрөмжийн ачаар хил дамнасан шалгалтын хугацаа богиносч, өдөрт солилцох галт тэрэгний тоо нэмэгдэх боломж бүрдэж байна.
Одоогоор Замын-Үүд–Эрээн чиглэлд:
- Өргөн царигаар хоногт дунджаар 700 вагон
- Нарийн царигаар хоногт дунджаар 500 вагон ачаа солилцдог.
2024 онд хоёр өртөө хооронд 17.3 сая тонн ачаа тээвэрлэсэн бол шинэ хяналтын систем ашигласнаар жилд өргөн царигаар 2.1 сая тонн, нарийн царигаар 1 сая тонн нэмэлт ачаа солилцох боломжтой болжээ.
Мөн гурван жилийн өмнө “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн хөрөнгөөр Замын-Үүд боомтын хилийн зурваст галт тэрэг шалгах зориулалттай тавцант цамхгийг байгуулж, улсын хил хамгаалах 0108 дугаар ангид хүлээлгэн өгч байсан юм.