Сөүл хотын шүүх өчигдөр орой Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хийг баривчлах захирамж гаргалаа.
Шүүхийн шийдвэрт түүнийг үнэт цаасны хууль бус арилжаа, сонгуулийн дүнг өөрчлөх оролдлого болон хээл хахуультай холбоотой хэрэгт шалгах явцад нотлох баримт устгах магадлал өндөр гэж үзсэн нь үндэслэл болжээ.
Ингэснээр тэр улс орныхоо түүхэнд баривчлагдсан анхны тэргүүн хатагтай асан болж, нөхөртэйгөө зэрэг шоронд хоригдсон анхны ерөнхийлөгч асны гэр бүлийн хос болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт тусгай прокурор Мин Жүн Кигийн удирдсан мөрдөн шалгах баг түүнийг баривчлах хүсэлт гаргасан бөгөөд өчигдөр болсон шүүхийн сонсголын үеэр өмгөөлөгчид нь Ким Кон Хи мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж байгаа, эрүүл мэндийн байдал муу гэсэн үндэслэлээр баривчлахгүй байхыг хүсчээ. Гэвч прокурорууд түүнийг баримт устгах эрсдэлтэй гэж үзсэн хэвээр байв.
Прокурорын мэдээлснээр Ким Кон Хи нь:
- 2009–2012 онд BMW-ийн төлөөлөгч Deutsch Motors компанийн хувьцааны ханшийн өөрчлөлтөөс хууль бус ашиг олсон
- 2022 оны парламентын нөхөн сонгууль, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэх үйл явцад хөндлөнгөөс оролцсон
- Бөөгийн зуучлалаар Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас хээл хахууль авсан
гэсэн нийт 16 төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж.
Эхэндээ түүнийг Сөүл хотын Уйванд байрлах Цагдан Хорих Төвд хорихоор төлөвлөсөн ч тус төвийн хүсэлтээр Сөүлийн Өмнөд Цагдан Хорих Төвд шилжүүлэн хорихоор болжээ. Уйванд одоогоор түүний нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл улс даяар цэргийн дэглэм тогтоох оролдлого хийсэн хэрэгт хоригдож байна.