Өчигдөр 16:30 цагт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт орших Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд живсэн талаар нийслэлийн Онцгой байдлын газарт дуудлага иржээ. Аврах ангийнхан очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байх үед 11 настай эрэгтэй хүүхэд урсгалд автан живсэн нь тогтоогдсон байна.
Эрлийн ажиллагааг осол гарсан газраас эхлүүлж, нийт 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газрыг самнасан ч үр дүнд хүрээгүй тул харанхуй болж, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас ажиллагааг түр зогсоожээ.
Өнөө өглөө 07:00 цагт НОБГ, ҮАБ, агаараас эрэн хайх 111 дүгээр ангийн 31 хүн, цагдаагийн байгууллагын 4 алба хаагч, алга болсон хүүхдийн ар гэрийн 6 иргэнээс бүрдсэн баг эрлийн ажиллагааг сэргээж, Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчим хүртэл хайж байна.