Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц дээр байрлуулсан 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын систем нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглагдаж эхэлсэн. Өнгөрсөн зургаадугаар сарын 2-ноос эхлэн жолооч, иргэдэд дүрэм зөрчсөн талаарх мэдээлэл, тухайн зөрчлийн зургаар баталгаажуулсан холбоос илгээдэг болсон. Харин одоо уг мэдээлэлд иргэд санал хүсэлт гаргаж, алдаатай бол засуулах боломжтой болжээ.
ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэгийн хэлснээр, туршилтын хугацаанд зөрчлийн талаарх андуурсан мэдээлэл олон ирсэн тул системд шинэчлэл хийж, ирэх долоо хоногоос санал хүсэлт хүлээн авах цонх нээх аж. Иргэд холбоос дээр байрлах цонхноос өөрт тохирох сонголтыг идэвхжүүлж, мэдээллээ илгээснээр албаныхан шалган залруулга хийх юм.
Энэхүү камерын систем нь хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих, чиглэлийн болон автобусны эгнээг буруу ашиглах, зогсох шугам болон үргэлжилсэн зураас давах, урсгал сөрөх, буруу байрлах, явган хүний зам болон ногоон байгууламж дээр буруу зогсох зэрэг олон төрлийн зөрчлийг илрүүлдэг. Мөн агшин зуурын болон дундаж хурд хэтрүүлэхийг бүртгэх боломжтой.
Албаныхан стандартын бус тээврийн хэрэгслийн дугаар хэрэглэснээс болж буруу танилт гарах эрсдэл байгааг анхааруулж, бүртгэлийн байгууллагатай хамтран мэдээллийг нягталж, зөв хариу хүргэж байхаар болсон байна.