“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

2025 оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болох “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана. Энэхүү наадам нь монголчуудын уламжлалт ахуй амьдрал, нүүдлийн соёл, өв уламжлалыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсыг дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болгон хөгжүүлэх үзэл санааг илэрхийлдэг.

Фестивалийн үйл ажиллагаа өчигдөр Улаанбаатар хотноо эхэлж, Чингис хаан Үндэсний музейд “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд Их Британи, Киргиз, ОХУ-ын Буриад, Герман зэрэг таван улсын 11 байгууллагын 12 эрдэмтэн судлаач оролцож, илтгэл тавьсан юм.

Фестивалийн онцлох үйл ажиллагаа:

  • Соёлын биет бус өвийн 780 хөтөлбөр, арга хэмжээ – угсаатны бүлгийн онцлог, өв соёлыг танилцуулах.
  • Үндэсний спортын 10 төрөлт тэмцээн – уламжлалт наадам, уралдаан.
  • Аймаг, нийслэлийн отог – бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу соёлын өвийг харуулах.
  • Соёлын өвийн өртөө – өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадвар, зан заншлын илэрхийлэл.
  • Жуулчны хоолны гудамж – үндэсний хоол, амттаны танилцуулга, худалдаа.
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа – дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, гар урлал.
  • Өвийн оршин тогтнох чадварыг үнэлэх үзлэг – өв соёлын мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх ажил.

Энэ удаагийн фестиваль нь зөвхөн үзэх төдийгүй оролцогчдод суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломж олгож буйгаараа онцлог.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй