«Хүүхдүүд 00-ийн хогийн савны ёроолд электрон тамхиа нууж байсан»

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
"Хүүхдүүд 00-ийн хогийн савны ёроолд электрон тамхиа нууж байсан"

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл болон багш нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд эцэг эх, хууль тогтоогчид, боловсролын байгууллагууд хамтран “Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид сургууль” аяныг хэрэгжүүлэхээр болсон байна.

ДЭМБ-ын 2023 оны судалгаагаар Монголд таван хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татдаг нь тогтоогджээ. Манай улс Азийн бүсдээ тамхинд донтох үзүүлэлтээр эхний долоон орны тоонд ордог бөгөөд жил бүр тамхинаас шалтгаалан 4,300 хүн нас барж байна.

Сургуулийн эмч Б.Сарантуяа хэвлэлийн хурлын үеэр:

  • Утаат болон электрон тамхи аль аль нь ижил хортойг онцолж, өсвөр үеийнхний сониуч занг ашигласан өнгө, үнэр, амтаар сурталчилдаг маркетинг хүүхдүүдийг донтох эрсдэлд оруулж байгааг хэлэв.
  • Тэрээр мөн: “Манай сургуулийн 00-ийн өрөөний хогийн савны ёроолд хүүхдүүд электрон тамхиа 00-ийн цаасаар ороож нуусан байсан. Зарим нь шууд ил тавьдаг. Хог ухаж байгаад авснаа амандаа хийх нь байж боломгүй зүйл. Энэ мэт нууж татаж байгаа нь ноцтой асуудал” хэмээн онцоллоо.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өсвөр үеийнхэн ихэвчлэн сэтгэлзүйн дарамт, түгшүүртэй байдлаасаа болж тамхи татдаг гэжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, асуудлыг ойлгож, хамтран шийдэх шаардлагатайг онцолсон байна.

Одоогийн байдлаар электрон тамхи нь “электрон бараа” гэсэн ангилалд багтаж, Тамхины хяналтын тухай хуульд хамрагддаггүй. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан шинэ хуулийн төсөлд электрон тамхийг янжууртай адил ангилалд оруулж, хуульчилсан зохицуулалт хийхээр тусгажээ. Уг төслийг энэ намрын УИХ-ын чуулганд өргөн барихаар төлөвлөсөн байна.


Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй