Алдархишигийн Баттулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Алдархишигийн Баттулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч үзсэн А.Баттулга аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд Казахстаны Санжар Ташкенбайтай нүүр туллаа. Харамсалтай нь шүүгчдийн 0:5 харьцаатай үнэлгээгээр өрсөлдөгчид ялалт олгосноор манай тамирчин алтан медалиас мултарч, мөнгөн медалийн эзэн болов.

Ийнхүү Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос анх удаа зохион байгуулж буй ДАШТ-д Монголын шигшээ 10 тамирчин оролцож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд тэмцээнээ өндөрлүүллээ.

Монголын эрэгтэй боксчдоос хамгийн сүүлд 2023 онд Баатарсүхийн Чинзориг мөнгөн медаль авч байсан бол түүнээс өмнө 1982 онд Р.Отгонбаяр, 1997 онд Т.Үйтүмэн, 2007 онд Э.Бадар-Ууган, 2009 онд Н.Төгсцогт нар мөнгө медалийн тавцанд гарч байжээ.

Английн Ливерпүүл хотноо болж буй энэ удаагийн ДАШТ дуусах шатандаа орсон бөгөөд Монголын баг хоёр медальтай нутаг буцах нь тодорхой болов. Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Л.Алтанцэцэг Энэтхэгийн Минашкид хагас шигшээд ялагдсанаар хүрэл медаль хүртэв. Тэрбээр хоёр жилийн өмнө Энэтхэгийн Дели хотод болсон IBA-ийн ДАШТ-ээс мөнгө авч байсан бөгөөд ийнхүү дэлхийн тэмцээнээс хоёр өөр медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин боллоо.

А.Баттулга финалд гарахын тулд хагас шигшээд Японы Соуши Макиног 3:2-оор ялж, аваргын төлөө тоглох эрх авсан юм. Түүний өрсөлдөгч Санжар Ташкенбай өмнө нь 2023 онд ДАШТ-ээс алт, 2022 онд тивийн аварга, 2024 онд мөнгө хүртэж байсан туршлагатай, шилдэг боксчин байв.

Монголын шигшээ баг 1978 оноос эхлэн боксын дэлхийн аваргад оролцож ирсэн бөгөөд энэ хугацаанд нэг алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль хүртжээ. Манайхны цорын ганц дэлхийн аваргын алтан медалийг 2009 онд Пүрэвдоржийн Сэрдамба Италийн Миланд авч байв.

Одоогийн байдлаар энэ удаагийн ДАШТ-ээс 27 орны тамирчид медаль хүртээд байгаа бөгөөд өчигдөр гурван жингийн аваргууд тодорч, Энэтхэг, Польш, Узбекистаны боксчид алтан медалийн эзэд болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Тубахана 15 сентября, 2025 - 13:13

Үнэхээр бахархмаар амжилт

Reply
Усхал 15 сентября, 2025 - 13:28

Дараагийн удаа алт аваарай гэж ерөөе

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй